ТӨВ: Энэ хавар 159.6 мянган га талбайд тариалалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд энэ хавар 159.6 мянган га талбайд тариалалт хийж, 465.9 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөжээ.
Тодруулбал, үр тариа 72100 га талбайд тариалж 96342 тонн ургац, төмс 12353 га талбайд тариалж 16562 тонн ургац, хүнсний ногоо 3185 га талбайд тариалж 45940 тонн ургац, ногоон тэжээл 45000 га талбайд тариалж 121500 тонн ургац хураан авахаар төлөвлөсөн бөгөөд тосны ургамал 26000 га талбайд тариалахаар төлөвлөжээ.
Газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд улаанбуудай, таримал тэжээл, төмсний борлуулалтын асуудалд анхаарч, ажиллах хүч, салбарын боловсон хүчнийг нэмэгдүүлж, таримал тэжээл, төмс, хүнсний ногооны механикжуулалтыг сайжруулж, үр үржүүлэх аж ахуйг бүсчлэн хөгжүүлэх, өвлийн хүлэмжийг нэмэх зэрэг ажлыг зохион байгуулж, бодлогын түвшинд авч үзэх шаардлага тулгараад байгаа юм.
Мөн аймгийн хэмжээнд үрийн нөөц бүрдүүлэх, мод бутлаг
ургамлын тариалалт, жимс жимсгэний нэр төрөл үйлдвэрлэлийг нэмэгдүүлж,
хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг сайжруулж смарт болгон хөгжүүлэх, зоорь,
агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зайлшгүй
шаардлага тулгараад байна гэдгийг Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн хэлж байв.