ЗАВХАН: Зөв загасчлалыг бий болгохыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-15 12:51:00

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Загас агнах, барихыг хориглосон хуулийн хугацаа үргэлжилж байгааг сануулж үржлийн үед нь загас барихгүй байхыг аймгийн БОАЖГ-аас анхааруулав.


Загасыг ахуйн зориулалтаар агнах, барихыг хориглосон хугацаа нь 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15 хүртэл юм. Учир нь загасны үржлийн үе эхэлж байгаа тул ахуйн зориулалтаар загасчлахыг хуулиар хориглосон байдаг.


Завхан аймагт жил бүр БОАЖЯ-наас 100-120 ширхэг загас барих зөвшөөрөл өгдөг. Зарим иргэд загас агнах хориотой улирлыг мэддэггүйгээс албан ёсны зөвшөөрөл авахгүй байна. Тиймээс агнуурын загасны хорионы улирлын үед эргүүл хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллахын зэрэгцээ цахим орчинд энэ талын мэдээллийг иргэдэд өгч байна.

Загас агнуурын тухай мэдлэг ойлголтыг олон нийтэд таниулах ажлыг үе шаттайгаар хийж байна. Хэрэв зохих зөвшөөрөлгүй иргэн загас баривал байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг.


Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.2 дахь хэсгийн дагуу амьтанд учруулсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр ногдуулдаг.


Зөрчлийн тухай хуулийн 7.6.1 дэх хэсгийн дагуу иргэнийг 150 000 төгрөг, хуулийн этгээдийг 1 500 000 төгрөгөөр торгоно гэж хуульчилсан байдаг.


Завхан аймгийн иргэд Богдын гол, Чигэстэй, Идэр, Буянт гол, Ширээгийн голоос монгол хадран загасыг зөвшөөрөлгүй их хэмжээгээр барьж байгаа тохиолдол жил бүр бүртгэгдэж байна. Энэ жил гэхэд хэд хэдэн тохиолдол сумдад бүртгэгдсэн байна. Харамсалтай нь мэдлэггүй, мэдээлэлгүй асуудал тухайн амьтныг хомстолд оруулах гол шалтгаан болдог. Тиймээс л иргэдэд загас агнуурын тухай олон талын ойлголт өгөх танин мэдэхүйн мэдээллийг цахим орчинд байнга өгдөг.


Иргэд загас барихыг хориглосон хугацаанаас бусад үед загас барихдаа тухайн сумын байгаль хамгаалагчаас зөвшөөрөл, эрхийн бичиг авах ёстой гэдгийг сүүлийн үед мэдэж эхэлж байгаа нь сайшаалтай. Зарим иргэд журмыг мэдсэн ч ойшоохгүй байгаа нь харамсалтай юм. Уг нь нэг эрхийн бичигт хуулийн дагуу 10 хүртэлх загасыг гурав хоногт барихаар бичилт хийдэг.


Тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 20 хувь буюу монгол хадран загасыг нэг ширхгийг барихад 1000 төгрөг, зэвэг загас 3400 төгрөг гэхчлэн өөр өөр үнэлгээтэй байдаг юм.


Загас барьж болох хуулийн хугацаанд загас агнах бол зөвшөөрөл бичгээ авч, хураамжаа төлөөд явахад асуудалгүй юм.


Голд огт хэрэггүй загас гэж байхгүй. Загас нь гол мөрний экологийн тэнцвэрт байдлыг хадгалж байдаг чухал ач холбогдолтой амьтан юм.


Ер нь сайн загасчин гэж, барьсан загасаа гэмтээхгүйгээр голд нь буцааж тавьдаг байхыг хэлнэ. Хэдийгээр загас барих нь сонирхол байж болох ч буцааж тавих ухамсартай байх хэрэгтэй юм. Загасчин байя гэвэл загасаа хамгаалах л хэрэгтэй. Учир нь загасыг үржлийн үе дээр нь баривал бүр мөсөн устах аюултайгаас гадна хууль зөрчсөн үйлдэл юм гэдгийг дахин дурдмаар байна. Тиймээс зөв загасчлалыг бий болгохыг уриалж байна. 

Загас үржлийн үеийн хоёр сарын хугацаанд барихгүй тэвчвэл тэд 20 дахин үрждэг. Загасыг үржлийн үед барихгүй байх нь байгаль орчноо хамгаалж байгаа бидний үйлдэл, үүрэг юм шүү гэж Завхан аймгийн БОАЖГ-ын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржав мэдээлэв. 


Цэнгэг усны индикатор гэж нэрлэгдэх зэвэг загас нь 67 см, 6 кг хүрнэ. 6-7 насандаа биеийн урт 40-45 см, жин 700-900 гр хүрэхэд үржилд орно. Дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын дунд хүртэл усны хэм 6-12 болоход голоо өгсөж, хайрга чулуун ёроол бүхий хэсэгт 0.5-0.8 м диаметртэй, 15-20 см гүнтэй үүр ухан бөөнөөрөө түрсээ шахан үрждэг. Дунджаар 2500-7800 түрс гаргана. Зэвэг загас 13 насалдаг.

Related news