Их мастер Б.Мөнгөнтуул Жу Жинерт хожигдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Пуна хотод эхэлсэн ФИДЕ-гийн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний хоёр дахь өргийн тоглолт боллоо.
Хятадын Жу Жинер, Энэтхэгийн Дешмух Девяа нар өчигдөр өрсөлдөгчөө хожиж, бусад нь тэнцсэн байна. Манай их мастер Б.Мөнгөнтуул энэ өрөгт Хятадын Жу Жинертэй тоглож хожигдлоо. Ингэснээр тавдугаар байр руу ухрав. Түүний өнөөдрийн өрсөлдөгч нь Польшийн шатарчин Алина Кашлинская юм.
Б.Мөнгөнтуул, Жу Жинер нарын тоглолтыг ФИДЕ-гийн сайтад мэдээлэхдээ, “Энэ өдрийн сүүлийн тоглолт маш онцгой байлаа. Жу Жинер энд ялж, нэр дэвшигчдийн болзол хангах зорилготой Б.Мөнгөнтуулыг маш төвөгтэй хосоор буулгаж авлаа. Энэ ялалтаар Жу Жинер 100 хувийн оноогоор тэмцээнийг хамтран тэргүүлж, түүхэнд үлдэх боломжийг эрэлхийлж байна. Монголын шатрын од Б.Мөнгөнтуул Наждорф Сицилийн моод 6.Bd3 хувилбараар нээлтээ хийлээ. Бэлтгэл сайтай байсан ч тэр ямар нэгэн ахиц дэвшил гаргаагүй бололтой, энэ тоглолтыг мэргэжилтнүүд тэнцээгээр өндөрлөнө гэж үнэлсэн ч Жу Жинэр ялалтын төлөө шахаж байгаа нь удалгүй тодорхой болов. Төгсгөлийг маш сайн техникээр дуусгаж, хожлоо авлаа” гэжээ.
Тоглолтын дараа Жу Жинер ярилцлага
өгөхдөө, “Тийм ч хэцүү байсангүй. Гэхдээ маш урт тоглолт боллоо. Эхнээсээ дарамт
үзүүлж, түүнийгээ эцсийн мөч хүртэл хадгалахыг хичээсэн. Үр дүнд нь би хожиж
чадлаа” хэмээсэн байна.
Манай агентлаг тоглолтын үр
дүнг тогтмол хүргэх болно.