ОРХОН: “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн шилдэг сурагчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн сурагчдын дунд зохион байгуулсан нэгдүгээр шатны тэмцээний шилдгүүд тодорлоо.
Тэмцээний нэгдүгээр шатанд ерөнхий боловсролын 12 сургууль оролцсон бөгөөд “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн ажиллах дүрэм журам, төлөвлөгөө, төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж нэгдүгээр байрт ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн “Аянга” баг, хоёрдугаар байрт ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн “Шонхрууд” баг, гуравдугаар байрт ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Соёмбо” баг шалгарлаа.
Эхний хоёр байрт шалгарсан багууд бүсийн тэмцээнд оролцох эрхтэй болох бөгөөд бүсийн тэмцээнээс шалгарсан тохиолдолд улсын тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Тус тэмцээний зорилго нь сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-үүд хоорондоо туршлага солилцох юм.
Мөн бүсийн тэмцээнд багууд “Хүүхдийн эсрэг болон хүүхэд үйлдэж, өртөж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” “Үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга зам" зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.
Related news

