ДУНДГОВЬ: Музейн сан хөмрөг дэх мөнгөн гүц, хундаганы хослол
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй нэгэн
үнэт зүйл, гар урлалын томоохон бүтээлийн нэг бол нутагтаа “уран” Ж.Пүрэвийн урласан мөнгөн хослол юм.
Уран дархчуул ихэвчлэн мөнгөн аяга, мөнгөн бүс, даруулга гэх мэтийн эд зүйл, гоёл чимэглэлийг урладаг бол мөнгөн гүцийг гараар урласан нь онцлог. Мөнгөн иж бүрдэлд гүц, 6 ширхэг хундага, 6 суурь багтана. Мөнгөн гүц нь чулуун оройтой, гинжээр сэнж тагийг холбосон хөөмөл, хундаганууд бүгд ижил, гадна тал нь шармал бүслүүртэй, хундаганы ёроолыг чулуугаар хийжээ. Суурь тавиур нь зэсээр хийсэн, дугуй хөөмөл, хээтэй хавтгай, алт, мөнгө, зэс, нутгийн чулуу оруулан урласан байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Мастер дархан” Жаалын Пүрэв агсны урласан олон бүтээл тус аймгийн ЗДТГ, музейд хадгалагддаг. Тэрбээр гол төлөв төв халхын хийцээр хөөмөл, цутгуур, баримлын аргаар алт, мөнгө, зэс гууль, үнэт эрдэнийн чулуу, үнэт мод, арьс ширээр хослуулан урладаг онцлогтой хүн.
Ж.Пүрэв мөнгөн гүц, домбо, хослол, цар, хундага, мөнгөн
аяга, эрэгтэй, эмэгтэй бүс, үсний даруулга, бурхан, сангийн войпор, хөөрөг,
хүрд, цөгц, очир зэрэг 30 гаруй төрлийн 2400 гаруй бүтээл урласан бөгөөд бүтээлүүд
тус бүрдээ өвөрмөц онцлогтой, уран чамин хийцтэй байдаг тул дахин давтагдашгүй
юм.