БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд энэ жил 300 мянган мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймагт энэ жил 300 мянган мод тарих бөгөөд сум бүрд 30 мянган мод тарихаар аймгийн Засаг даргын захирамж гарч, 14 сумын Засаг даргад чиглэл хүргүүлжээ.
Мөн түүнчлэн аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс компаниудад байгууллагынхаа орчин, иргэд хашаандаа мод тарьж, арчилж ургуулах талаар зөвлөмж хүргэж байгаа талаараа аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сум дундын ойн ангийн дарга, доктор Х.Мырзабек мэдээллээ.
Аймгийн төвд байдаг ногоон байгууламжийн хашаанд их хэмжээний суулгац бэлдэж байгаа бөгөөд Өлгий - Улаанбаатар чиглэлийн зам дагуу болон өмнөх жилүүдэд мод суулгац их хэмжээгээр тарьсан талбайнуудын арчилгаа, услалтыг сайжруулахад анхаарал хандуулж байгаа юм.
Энэ жил аймгийн хэмжээнд тарих хөрсний онцлогт нийцсэн
300 мянган модны суулгацыг бэлдсэн байгаа бол иргэд, байгууллагуудын захиалгаар
гоёлын болон шилмүүст мод, жимсний модны суулгацуудыг салбарын байгууллагуудтай
хамтран Улаанбаатар хот болон бусад аймгаас авчрахаар бэлджээ.
Шинээр мод тарьж ургуулах ажлыг эрчимжүүлэхийн хажуугаар
өмнөх жилүүдэд тарьсан моднуудаа цэвэрлэж, усалж, ургуулахад ихээхэн ач
холбогдол өгч, мод тарих чиглэлээр иргэд, байгууллагуудад мэргэжил, арга зүйн
зөвлөгөө, туслалцаа үзүүлж ажиллах юм байна.
Ташрамд, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн
жил аймгийн хэмжээнд 58,5 мянган мод тарьжээ.
Related news


