Их мастер Тин Жингяао, ФИДЕ мастер Э.Энхрий нар тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-28 12:02:40

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй дэлхийн цомын эрх олгох Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.


Манай улсад хоёр дахь удаагаа болж буй энэхүү тэмцээнд Монгол, Филиппин, Сингапур, Хонконг, Вьетнам, Малайз, Индонез гэсэн долоон орны 110 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Тэмцээн швейцар системээр есөн өрөг тоглох бөгөөд шатарчид тоглолтынхоо тэн хагасыг дуусгалаа. Таван өргийн дараа нээлттэй ангилалд Сингапурын их мастер  Тин Жингяао 4.5 оноогоор ганцаараа тэргүүлж байгаа бол Вьетнамын шатарчин, олон улсын мастер Дау Кун Дүи, олон улсын мастер Г.Амартүвшин, Индонезийн олон улсын мастер Наяка Будхидхарма, Вьетнамын их мастер Нгуен Дук Хоа, олон улсын мастер Ү.Агьбилэг нар 4.0 оноотой нэхэж байгаа юм.


Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд ФИДЕ мастер Э.Энхрий таван хожлын 5.0 оноотой итгэл төгс тэргүүлж байна. Түүний араас кандитат мастер Х.Баясгалан, Б.Мөнгөнзул нар 4.5 оноогоор нэхэж байгаа бол тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд Вьетнам, Филиппиний шатарчид жагсаж байгаа юм.


Тэмцээн өнөөдөр зургаадугаар өргийн тоглолтоор үргэлжлэх бөгөөд аваргууд ирэх сарын 2-нд тодорно.





Related news