ДАРХАН-УУЛ: ОБГ-ын 30 гаруй алба хаагч Хушаат суманд гарсан түймэр унтраахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-29 18:16:30

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур суманд энэ сарын 28-нд ой хээрийн түймэр гарч улмаар хил залгаа Хушаат сумын нутаг дэвсгэрт тархсан. Ойн түймрийг унтраахаар нутгийн туршлагатай, өмнө нь түймэр унтраах ажиллагаанд оролцож байсан иргэд, ОБГ-ын алба хаагчид бүлэг болон хуваагдан ажиллаж байна.


Дархан-Уул аймгаас ОБГ-ын дарга, хурандаа А.Алтансүхээр ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бүлэг үүрэг гүйцэтгэж байгаа бол өнөөдөр 12 хүний бүрэлдэхүүнтэй нэг бүлэг нэмэлтээр гарч байна.


Түймэр унтраахаар үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг өгч, хувцас хамгаалах хэрэгслээр бүрэн ханган гаргаж байгааг Дархан-Уул аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа Х.Энхнасан хэлэв.


Сэлэнгэ аймгийн Хушаат сум нь Дархан-Уул аймагтай хиллэдэг. Түймрийн голомт Дархан сумаас 50 орчим километрийн зайд, сумын төвөөс 15-20 км зайд байна.


Ой, хээрийн түймэрт малчдын гэр, өвөлжөө, эд хөрөнгө өртсөн гэж  сумын онцгой комиссоос мэдээлсэн.

Хил залгаа Хушаат сумын нутагт гарч буй ой, хээрийн түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 авто машинтайгаар ажиллаж байна.


Урд шөнийн 04.00 цагийн байдлаар тархалтыг зогсоож хяналтад авч чадсан боловч түймэр гарсан нутагт салхи 12 м/с хүрч хүчтэй салхилж байгаа учраас цурамд оруулсан түймэр эргээд асах, түймрийн тархац нэмэгдэх тохиолдол гарч байгааг хурандаа Ц.Ганзориг мэдээлэв.


Түймэрт өртсөн айл, гал унтраах ажиллагаанд оролцож буй иргэд, ОБГ-ын алба хаагчдад Дархан-Уул аймгийн иргэд сайн дураараа туслах, ус, халуун хоол цай хүргэх, бээлий, амны хаалт зэргийг тусламжаар хүргэж байгаа бол нутгийн иргэд Улаанбаатар, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгаас хүч нэмэгдүүлэн очиж зохион байгуулалтын дор ажиллаж байна.

Related news