ДАРХАН-УУЛ: Нисгэгчгүй нисэх хэрэгслийн тэмцээнд 173 сурагч оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх буюу дроны шинэ дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулах, техник технологийн салбарт мэргэжлийн ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор анх удаа ”Дроникс -2025” өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
Сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн гурван төрлөөр зохион байгуулж буй уг тэмцээнд 11 аймгийн 11–18 насны 173 хүүхэд, залуус ур чадвар, авьяас, мэдрэмжээ уралдуулж байна.
Олон улсын стандартад нийцсэн хамгаалалтын тортой талбайд оролцогчид нэг нэгээр гараанд гарч, зассан саад дундуур өгсөх, уруудах нислэг үйлдэж, тусгайлан бэлдсэн объектын бүтэн тойрог буюу 360 градусын бичлэг хийх зэрэг даалгаврыг гүйцэтгэх юм.
21 аймгийн хэмжээнд өсвөрийн мэдээллийн технологийн "Хурдан" клуб байгуулж, 3000 орчим ахлах ангийн хүүхэд хамрагдсан.
Өсвөрийн "Хурдан" клубээр дамжуулан дроны нисгэгч, хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч, программ хангамжийн хөгжүүлэгч, и-спортын тамирчин бэлтгэх, дэвшилтэт технологийг ашиглах ирээдүйн хүний нөөцийг бэлтгэж байна.
Цаашид уг тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Б.Тулга онцоллоо.
Тэмцээний санаачлагчаар УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, ерөнхий зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар ажиллаж байна.
Ташрамд, хөдөө аж ахуй, байгаль хамгаалал
зэрэг мэргэжлийн чиглэлд дроныг үр ашигтай ашиглах боломжтой юм.