ХӨВСГӨЛ: Сар бүрийн эхний даваа гарагт үндэсний хувцсаа өмсөж хэвшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-05 17:15:47

Мөрөн, 2025 оны  тавдугаар  сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар өв соёлоо дээдлэн түгээн дэлгэрүүлэх зорилгоор сар бүрийн эхний 7 хоногийн даваа гарагт иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн албан хаагч бүр үндэсний хувцас өмсөхийг уриалсан.


Уриалгын дагуу Арбулаг сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон сар бүрийн эхний даваа гарагт үндэсний хувцсаа өмсөж хэвшжээ.


Монголын ард түмэн цагаан сар, үндэсний баяр наадам зэрэг баяр ёслолын үеэр үндэсний дээл, хувцсаараа гоёдог хэдий ч энгийн үед дээл өмсөх нь ховор байдаг.


Тиймээс хүүхэд, залуучуудад үндэсний хувцсаа өмсөж хэвшүүлэх, хэрэглээ болгох, соёлын үнэт зүйлээ хадгалж хамгаалах, өв соёлоо уламжлуулах зорилгоор ийнхүү уриалга гаргасан байна.


Үндэсний хувцас нь олон зуун жилийг дамжсан баялаг түүхтэй билээ. Зуны улиралд монголчууд тэрлэг, хавар, намрын улиралд хөвөнтэй дээл эсвэл хурган дээл, өвлийн улиралд хонины арьсаар хийсэн цагаан нэхий дээл өмсдөг.


Дээлийг дулаахан байлгахын тулд бүсээр бүсэлдэг байна. Бүсэлсэн бүсэндээ чухал хэрэгцээтэй хэт хутганы уут, хамрын тамхи, гаансны уут гэх мэт зүйлсийг тогтоон биедээ авч явдаг байжээ.


 


Related news