ДУНДГОВЬ: "1206" хөвгүүдийн хөтөлбөр хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. "Ид шидийн орон Дундговь" Хүүхэд хөгжил, хамгааллын төвд “1206”
хөвгүүдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж, 5 сургуулийн 25 хүүхэд оролцож байна.
Тус хөтөлбөр энэ оны 4 дүгээр сарын 26-наас 5 дугаар сарын
25-ныг дуустал үргэлжлэх ба энэхүү хөтөлбөрт 11-13 насны хөвгүүд оролцож, долоо
хоног бүрийн амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
“1206” хөтөлбөр өмнө нь Улаанбаатар хотын Ид шидийн орон
1, 2 төвүүдэд 4 удаа амжилттай хэрэгжсэн бол энэ жил анх удаа орон
нутагт хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийг "Лантуун дохио Австрали" ТББ-ын 10,000,000
төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид бямба гаргийн өглөө Ид
шидийн орон төвд цугларч, ням гаргийн орой гэртээ харьдаг. Долоо хоног бүрийн
сургалт, хөтөлбөр өөр өөр сэдвээр явуулдаг. Үүнд:
-Нэгдүгээр долоо хоног: “Хүнлэг” сэдвийн дор хүний эрх, хүнлэг чанар, багийн ажиллагааны талаар ойлголт авна.
-Хоёрдугаар долоо хоног: “Хүчирхэг” сэдвийн дор скаутын багш нарын удирдлага дор амьдрах
ухааны сургалтад хамрагдана.
-Гуравдугаар долоо хоног: “Хөдөлмөрч”сэдвийн дор малчин айлд зочилж, нүүдлийн
соёл, уламжлалтай танилцана.
-Дөрөвдүгээр долоо хоног: “Хязгааргүй” сэдвийн дор шинжлэх ухаан, танин мэдэхүйг
хослуулсан аялал хийж, лаборатори, музейд зочилно.
-Тавдугаар долоо хоног: “Хайр” сэдвийн дор гэр бүл болон хайртай хүмүүстэйгээ
хамтдаа хөтөлбөрт оролцох ба өнгөрсөн хугацаанд юу сурсанаа дүгнэж, захидал бичнэ.
Энэхүү хөтөлбөр нь бяцхан хүүхдүүдийг төлөвшил, ёс суртахуун, өөртөө итгэх итгэлтэй болгож, олон талын мэдлэг олгон, чадварыг хөгжүүлэх зорилготой бөгөөд оролцогч бүрд амьдралын чухал суурь үнэт зүйлсийг ойлгуулах онцлогтой юм.