“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг бямба гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-07 13:05:49

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг энэ сарын 10-ны бямба гарагт зохион байгуулна.


Энэхүү өдөрлөгөөр дугуйн спортын тамирчид, сонирхогчдын дунд тэмцээн зохион байгуулахаас гадна клубүүдийн танилцуулга, дугуй болон дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, сонирхогчдод зориулсан чөлөөт худалдаа төв талбайд болох аж. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00-13:00 цагт зохион байгуулахаас гадна 20 км-ийн засмал замын уралдаан 06:00-18:00 цагийн хооронд болно. Энэ хүрээнд доорх байршлуудад авто замыг хэсэгчлэн хаах аж.


Дугуйн парадыг Соёлын төв өргөө-Төв шуудан-“Цэцэг” төв-Зоос гоёлын уулзвар-Засгийн газрын ордон-Сансарын “И-март”-“Монгол бөхийн өргөө”-“Централ тауэр” гэсэн маршрутаар зохион байгуулах тул энэ чиглэлд дээр дурдсан хугацаанд зам хаах юм.


Харин дугуйн уралдаан “Соёлын төв өргөө”-“Галерей Улаанбаатар”-МУИС-ийн I байр-Чингис хаан Үндэсний музей-“Метромолл” их дэлгүүр-“Новотел” зочид буудал-МУИС-ийн I байр-“Галерей Улаанбаатар-Соёлын төв өргөө гэсэн маршрутаар болох бөгөөд уралдааны турш уг чиглэлд зам хаана.


Тэгвэл Баянзүрхийн марафон 07:00-14:00 цагт болох бөгөөд энэ нь “Дүнжингарав” худалдааны төвийн урд авто зам дагуу “Шинэ зуун айл” худалдааны төвөөс зүүн тийш Төмөр замын гарам, Гачууртын зам хүртэл үргэлжлэх ажээ. 

Related news