Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-09 14:32:29

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дэлхийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт оршдог Эверест ууланд олон улсын хэмжээний мастер А.Баттогтох, Б.Батхишиг нар авирч байна.


Тэд өндрийн кемпүүдийг байгуулж, олс тавих хугацаанд бэлтгэлээ базааж байгаа бөгөөд Эверестийн өмнөд хөтөлийн зам (Балба талаас)-аар авирч байгаа ажээ. Одоогоор 20 жилийн өмнө гавьяат тамирчин Г.Өсөхбаяр анхлан монгол уулчдаас Эверестэд хөл тавьсан. Тэгвэл түүнээс зургаан жилийн дараа буюу 2011 онд Б.Гангаамаа Эверестийн оргилд авирсан анхны эмэгтэй уулчин болсон юм. Үүнээс хойш 12 уулчин тус оргилд гарсан ч хоёр нь буух замдаа эндсэн билээ. Харин А.Баттогтох, Б.Батхишиг нар амжилттай авирч чадвал Эверестийн оргилд гарсан Монголын 15, 16 дахь уулчин болж түүхэнд үлдэх юм.


Үүнээс гадна энэ цаг үед олон улсын хэмжээний мастер Ч.Ариунзул дэлхийн тав дахь ноён оргил Макалу 8485 метр ууланд авирч байна. Тэрбээр өмнө нь Канченжунга 8586 метр ууланд амжилттай авирсан юм. Харин дэд мастер Ж.Ганбаяр Пакистан улсад оршдог дэлхийн ес дэх ноён оргил Нанга Парбат 8126 метр ууланд авирахаар бэлтгэлээ базааж байгаа ажээ.


Дэлхий дээр 8000-аас дээш метрийн өндөртэй 14 оргил байдгаас Монголын уулчид есийг нь амжилттай эзэлжээ. 

Related news