ӨМНӨГОВЬ: Говийн бүсэд томоохон төсөлд хэрэгжихэд ус нэн чухал байгааг онцолж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Говийн бүсийн анхдугаар чуулган тавдугаар сарын 11-12-ны өдрүүдэд болж байна.
Анхдугаар
чуулганыг Дорноговь аймагт зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын гишүүд, орон
нутгийн удирдлагууд, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож говийн бүсийн
бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд говийн бүсэд хэрэгжих томоохон төсөл,
хөтөлбөр, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, аймгуудын
тулгамдсан асуудал, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд санал
бодлоо нэгтгэн хамтдаа хөгжих шийдэл арга замыг хэлэлцэх юм.
Өмнөговь
аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд аймагтаа нэн тэргүүнд
тулгамдаж буй ус, эрчим хүч, авто зам, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг чиглэлээр
улсын хэмжээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, ТЭЗҮ-ийг
тэргүүлэх чиглэлд оруулахаар саналаа илэрхийлж байна.
Үндэсний хэмжээнд 2030 он хүртэл 14 мега төсөл хэрэгжихээс 7 мега төсөл нь говийн бүсэд хэрэгжинэ.
Эдгээр томоохон төслүүд хэрэгжихэд говийн бүсэд ус нэн чухал байгааг төлөөлөгчид дуу нэгтэй дэмжиж байна.
Говийн
бүсийн аймгуудын төлөөлөгч нарын уулзалтын үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга
Н.Энхбат 4 чиглэлд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Тодруулбал,
Аялал жуулчлалын салбарыг бүсчлэн хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах,
тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зэрэг зорилтуудын хүрээнд “Аялал
жуулчлалын мэргэжлийн холбоо” Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн ерөнхийлөгч
Т.Баттулга, барилга байгууламжийн холбогдох хууль дүрэм, журам, стандартын
хэрэгжилтийг сайжруулах, төсөл арга хэмжээний зураг төсөл гүйцэтгэлийн чанарыг
сайжруулах зорилтын хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Монгол Улсын зөвлөх инженер П.Пүрэвхатан, говийн бүсийн аймгуудад мэргэжилтэн, боловсон хүчин
бэлтгэхэд чиглэсэн магистр, докторын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр ШУТИС-ийн Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшин, төрийн
өмчийн “Үйлдвэрлэл, технологийн парк”-ыг байгуулах зорилгоор “Эрдэнэс үйлдвэр
технологийн парк”-ийн төслийн зохицуулагч Ж.Энхтүвшин нартай хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.
Монгол
Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлого үйл ажиллагааны хэрэгжилтийг
эрчимжүүлэх, говийн бүсийн аймгуудын төлөөлөгч нар бүсийн хөгжлийн тэргүүлэх
чиглэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөө тодорхойлж саналаа нэгтгэн Монгол Улсын
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд шийдвэрлүүлэх асуудлуудыг өргөн барихаар тус чуулганыг зохион байгуулж байгаа юм.