ДУНДГОВЬ: Хүүхдийн паркад “Ирээдүйгээ ургуулъя” ногоон төгөл байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ирээдүйгээ ургуулъя” ногоон төгөл байгуулах ажлыг тус аймгийн Хүүхдийн паркад зохион байгуулж, хүүхдийн зөвлөлийн гишүүн 10 байгууллагын албан хаагчид 500 ширхэг мод тарилаа.
Энэ жил Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний
100 жилийн ой тохиож буй. Тиймээс 100 жилийн ойг тохиолдуулан ирээдүй болсон бяцхан хүүхдүүдэд зориулж, ийнхүү мод тарих
хөдөлгөөн өрнүүлж байна.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Дундговь аймаг 30
сая мод тарих гэрээ байгуулсан ба 2021 оноос хойш 688.304 мод тарьжээ. Харин
2025 онд 180,000 мод тарихаар төлөвлөж, бүх нийтийн мод тарих энэ өдөр Сайнцагаан
сумын Арвижих төгөлд төрийн байгууллагын албан хаагчид 700 ширхэг мод тарьсан
байна.
Мод тарих өдрийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ЗДТГ-ын дарга Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Байгаль орчны газрын дарга Н.Гантулга, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга С.Ууганбаяр нар оролцсон юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд байгууллага бүр 50, өрх бүр 5 ширхэг мод тарихыг уриалжээ.