ӨМНӨГОВЬ: Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад орон нутгаас дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-05-13 09:29:48

Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг олон улсын сувилагчдын өдрийг угтаж үе шаттай олон ажлыг төлөвлөн хэрэгжүүллээ.

 

Тус өдрийг угтан Өмнөговь аймгийн ЗДТГ, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” ивээн тэтгэж ЭМГ, БОЭТ хамтран “Сувилагчаа сонсъё” хэлэлцүүлэг, "чанартай тусламж-чадавхтай мэргэжилтэн-2025" сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ажил мэргэжлийн уралдаан, онол практикийн бага хурлыг зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

 

“Сувилагчаа сонсъё” хэлэлцүүлгээр сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, сувилагч тусгай мэргэжилтний нийгмийн баталгаа, хууль эрх зүйн орчин, хөдөлмөрийн нөхцөлд тулгамдаж буй асуудлыг ярилцаж, цаашид шийдвэрлэх боломжийг хэлэлцэж санал солилцлоо.

 

АШУҮИС, ГУИС-ийн эрдэмтэн багш нар уригдан ирж шүүгчээр ажиллаж, мэргэжлийн уралдаанд оролцогчдод зөвлөгөө зөвлөмж өгч, амилуулах суурь тусламжийн гардан сургалтыг зохион байгуулсан байна.

 

Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр анагаах ухааны доктор, дэд профессор АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн эмгэг судлалын лабораторийн эрхлэгч, Био-Анагаахын сургуулийн эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимийн дэд профессор Х.Батбаяр, анагаах ухааны доктор дэд профессор, ШУА-ийн нийгмийн шинжлэх ухааны бага чуулганы гишүүн АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн физиологийн тэнхимийн дэд профессор Б.Баасанжаргал, Глобал удирдагч их сургуулийн сувилахуйн сургуулийн суурь тэнхимийн эрхлэгч, сувилахуйн ухааны магистр, тэргүүлэх зэргийн сувилагч Ш.Цэцэгээ нар ажиллажээ.



 

Глобал удирдагч их сургуулийн сувилахуйн сургуулийн ахлах багш, сувилахуйн ухааны магистр, клиникийн профессор, зөвлөх зэргийн сувилагч мэс заслын мэргэшсэн сувилахуйн нийгэмлэгийн тэргүүн С.Оюунгэрэл "Сувилагч мэргэжлийн үнэ цэн" сэдвээр илтгэл танилцуулсан нь өмнөх жилүүдийнхээс онцлог боллоо.

 

Эрдэм шинжилгээний хурлын тэргүүн байрт “Ерөнхий боловсролын сурагчдын тулгуур эрхтэн тогтолцооны сэрэмжлүүлэх үнэлгээний үр дүн” сэдвээр, “Цэцэгсийн мишээл” хүүхэд харах төвийн хөдөлгөөн засалч Б.Ариунномин “Хэвлийн диализийн эмчилгээний өмнөх болон дараах гемоглобулины хэмжээг цус цусан бүтээгдэхүүний хэрэглээтэй харьцуулсан нь” сэдвээр, дэд байрт БОЭТ-ийн гемодиализийн техникч Ц.Баярцэнгэл “Ахмад настны унах эрсдэл, түүний хоорондын хамаарлыг тодорхойлсон нь” сэдвээр Хүрмэн, Манлай, Номгон сумын хамтарсан ЭМТ-ийн ахлах сувилагч Н.Сумъяа гутгаар байрт тус тус шалгарчээ.


Харин тусгай байрт Сэврэй сумын ЭМТ-ийн сувилагч А.Хэнчбиш “Удирдагч сувилагчдын өөрчлөлтийн манлайлалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалсан нь сэвдээр манлайлан оролцжээ.


 

"Чанартай тусламж-чадавхтай мэргэжилтэн-2025" сувилагч уралдааны шилдэг багаар БОЭТ-ийн Г.Өлзийханд ахлагчтай баг, шилдэг сувилагчаар  БОЭТ-ийн мэс заслын тасгийн ахлах сувилагч Т.Түмэндэлгэр, шилдэг эх баригчаар  БОЭТ-ийн төрөх тасгийн эх баригч Э.Мөнхтунгалаг, шилдэг лаборантаар ЗӨСТ-ийн лаборант Д.Оюунчимэг шилдэг ариутгагчаар Ханбогд СЭМТ-ийн ариутгагч Н.Мөнхцэцэг нар тодорлоо.

 

"Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд эмч, мэргэжилтнийг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа сувилагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 6 сувилагчид гэр болон гэрийн халаалт, дулаалгын багц олгожээ.


Мөн цаашлаад “Сувилагч мэргэжилтний цогц чадамж”-ийг үнэлж, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэхэд аймаг орон нутгийн зүгээс анхаарч дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Related news