УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн дэд хорооноос сар бүр зохион байгуулдаг уулзалт “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвийн хүрээнд Төрийн ордонд маргааш болно.
УИХ-аас аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийг хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудынтай хамтарч ажиллах, тодорхой асуудлаар парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ зөвлөлдөх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцож байхаар Хүний эрхийн дэд хорооноос сар бүр Хүний эрхийн форумын төлөөлөлтэй уулзалт хийж буй.
Зургаа дахь удаагийн энэхүү уулзалтад “Хөөрхөн зүрх” ТББ-ын менежер Ц.Баасаннямбуу “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогч/даван туулагчдад үзүүлж буй нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээний тулгамдаж буй асуудал ба шийдэл” илтгэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-ын захирал Н.Арвинтариа "Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал: Асуудал ба шийдэл" сэдэвт илтгэл танилцуулна. Эдгээр илтгэлтэй холбогдуулан УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд, Хүний эрхийн форумын гишүүн байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлэг өрнүүлнэ.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүдийн хүний
эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын
төлөөлөлтэй хийдэг дөрөв дэх уулзалт “Байгаль орчны холбогдох хууль тогтоомж
дахь хүний эрх хэрэгжилт” сэдвээр болж байсан бол гурав дахь
уулзалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт-хүмүүжлийн
тусгай байгууллага нийслэлийн ерөнхий боловсролын 110 дугаар сургуульд болж
байсан юм.
Хүний эрхийн дэд хорооноос иргэний нийгмийн
байгууллага, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай
иргэдийг соён гэгээрүүлэх, мэдээлэлжүүлэх, мэдэх эрхийг хангах чиглэлд хамтарч
ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна хэмээн УИХ-ын Хэвлэл
мэдээллийн газраас мэдээллээ.