ОРХОН: Био технологи болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлд татварын хөнгөлөлт үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Орхон аймаг бизнес эрхлэгчдэд дараах боломжийг олгож буйгаа “Эдийн засгийн форум-2025”-аар нээлттэй зарласан.
- Био технологи, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-уудад 300 га талбайг бизнес эрхлэгчдэд үнэгүй ашиглуулж, эзэмшүүлж дэмжинэ.
- Эрдэнэт Шинжлэн ухаан технологийн паркийн 3500 м.кв ажлын байрыг /бордооны үйлдвэр, био түлш үйлдвэрлэх гэх мэт/ бизнес эрхлэгчдэд санал болгож байна. Үүн дээр био технологийн болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ аймгийн ЗДТГ, ШУТП-тай хамтран ажиллах бүрэн боломжтой.
Дээрх чиглэлээр ШУТП-тай хамтран ажиллабал татварын дараах хөнгөлөлтийг үзүүлнэ.
- Гарааны компанийн эхний 5 жилд шинэ инновацын бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний НӨАТ, ААНОАТ-ыг 100 хувь,
- Дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодисын гааль, НӨАТ-ыг 100 хувь,
- Импортын тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ыг 100 хувь чөлөөлнө.
- Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлд АННОАТ-ыг эхний 5 жилд100 хувь, дараагийн 5 жилд 50 хувь хөнгөлнө.
Энэхүү татварын хөнгөлөлтийг 21 аймгаас зөвхөн Эрдэнэт хотод Эрдэнэт ШУТП-тай хамтран ажилласнаар авах боломжтой.
Мөн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар ААНОАТ-ыг эхний 5 жилд 90 хувь, үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварыг аймгийн ИТХ 10 жил хүртэлх хугацаанд 0.6 хүртэлх хувиар бууруулах боломж бий.
Түүнчлэн дахин төлөвлөсөн, орон сууцны барилга барих боломжтой 9 байршлыг бизнес эрхлэгчдэд санал болгож байна. Нийт 226 га талбайд 9296 айлын орон сууцны төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран хэрэгжүүлнэ.