ХӨВСГӨЛ: Ц.Отгондалай дэлхийн гурван удаагийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-20 12:28:58

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Норвегийн Хаант Улсын Драммен хотноо болж буй пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастер 1 ангилалд Хөвсгөл аймгийн тамирчин ОУХМ Ц.Отгондалай түрүүлж дэлхийн гурван удаагийн аварга боллоо.


Тэрбээр  -93 кг-д  205 кг шахаж алтан медалийн эзэн боллоо.


Ц.Отгондалай 2006 оноос хэвтээ шахалтын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2007 оноос эхлэн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 2015 онд спортын мастерын болзол хангажээ.


Мөн 2017 онд Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотод болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний -93 кг жинд түрүүлж Ази тивийн аварга болсон юм.


2022 онд Бүгд Найрамдах Казахстан Улсад болсон пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд классик хэвтээ шахалтын -93 кг-д  205 кг шахаж дэлхийн аварга болж байсан бол өнгөрсөн онд АНУ-ын Техас мужийн Остин хотод зохион байгуулсан пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд классик хэвтээ шахалтын -93 кг-д  түрүүлж дэлхийн хошой аварга болсон юм.


Related news