ЗАВХАН: Агаарын чанарыг автоматаар хянадаг дөрөв дэх аймаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-20 14:15:16

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газар агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо.


Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлыг хийж байгаа юм.


Энэ ажлын хүрээнд Завхан аймгийн төв Улиастай суманд агаарын чанарыг хянах автомат станц суурилуулжээ. Автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн ширхэглэгт тоосонцрын агууламжийг хэмжих юм.


Цаг уурын газар автомат станцгүй байх үед 8:00, 14:00, 20:00 цагт механик аргаар 20 минутын хугацаанд төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан. Автомат станцтай болсноор тухайн цагийн хэмжилтээр минут тутамд хэмжилт хийж хянах боломжтой боллоо.


Энэ станц нь 365 хоног, 24 цаг тасралтгүй ажиллаж, хүхэрлэг хий, азотын ислүүд, байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоос зэргийг маш нарийн хэмжин тодорхойлох юм. 


Мөн хэмжилтээс гадна хяналтыг бүрэн хийж болохоороо давуу талтай гэж Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.


Ийнхүү буцалтгүй тусламжаар агаарын чанарыг хянах автомат станцтай аймаг 4 болж байна. Завхан аймгийн агаарын чанарыг хянах автомат станцыг хүлээлгэн өгөх нээлтэд БНСУ-ын “Кентек” ХХК-ийн гүйцэтгэх захирал, мэргэжилтнүүд Завхан аймгийн ЗДТГ, Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтнүүд оролцжээ.

Related news