ДУНДГОВЬ: Ахмадын 9 дүгээр бага наадамд Говь-Угтаал сумын ахмадууд тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ахмадын 9 дүгээр бага наадмыг энэ сарын 19-нд зохион байгуулж, 14 сумын 167 ахмад оролцжээ. Тус аймгийн хэмжээнд 6000 гаруй ахмад настан бий.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэл,
мөрийн хөтөлбөрт жил бүр Ахмадын урлагийн бага наадмыг зохион байгуулахаар
тусгаж, тус аймгийн улсын тэргүүний Ахмадын хорооноос соёлын биет бус өвийг
сурталчлах, ахмадуудын эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, оролцоог дэмжих зорилгоор энэхүү
наадмыг 9 дэх жилдээ зохион
байгууллаа.
Ахмадын урлагийн бага наадамд оролцогчид уртын дуу,
гоцлол бүжиг, хөгжмийн гоцлол, хөгжмийн хамтлаг, гоцлол дуу, харилцаа дуу, язгуур
урлаг, нутгийн домог гэсэн найман төрлөөр авьяас чадвараа сорин оролцсон юм. Багийн
дүнгээр Говь-Угтаал сумын авьяастнууд тэргүүн байр эзэлж, Баянжаргалан, Өндөршил,
Дэлгэрцогт сум удаах байруудад шалгарчээ.
Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймгийн өв соёлоо тээгч, авьяастан ахмадуудыг танилцуулж байна.







