Г.Оргилболд дөрвөн жил дараалан пауэрлифтингийн ДАШТ-д түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Норвегийн Драммен хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Монгол Улсын баг тамирчид найман медаль хүртлээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 93 кг-ын жинд Г.Оргилболд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр энэ удаа 227.5 кг-ыг шахсанаар энэ тэмцээнд дөрвөн жил дараалан аваргалсан Монголын анхны тамирчин болж байна.
Тэгвэл -120 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 250 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр тэр ДАШТ-ий найм дахь медалиа зүүсэн бөгөөд үүний тав нь мөнгө юм.
Түүнчлэн өсвөрийн ангилллын
53 кг-ын жинд Э.Дашдондог алт, 83 кг-ын жинд О.Цэнгэлбаяр хүрэл,
мастер-1 ангиллын 93 кг-д Ц.Отгондалай алт,
мастер-2 ангиллын 93 кг-д Х.Баттөмөр хүрэл, 74 кг-д Х.Амарсанаа мөнгө,
мастер-3 ангиллын 66 кг-д Л.Батсайхан хүрэл медаль хүртсэн байна.