Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:45:08

Сэлэнгэ аймагт гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалт болж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангах, гамшиг тохиолдсон үед ямар арга хэмжээ авах талаар мэргэжлийн байгууллагын зүгээс мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд энэ сарын 7-ны өдөр  Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалт боллоо. Сургалтанд аймгийн Онцгой комиссын гишүүд, төр төсвийн байгууллагуудын удирдлагууд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлагууд, сумдын ЗДТГ-ын дарга нар, Сүхбаатар сумын багийн Засаг дарга нар хамрагдлаа.

Сургалтын зорилго нь бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэх, байгууллагын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн байна. Түүнчлэн салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх зорилготой ажээ.

Уг сургалтын талаар Сэлэнгэ аймгийн ОБГ-ын мэргэжилтэн Д.Түвшинбаатар “Энэхүү Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалтыг орон нутагт явуулсны дараа удирдах бүрэлдэхүүн болон албад, мэргэжлийн ангиуд дээр Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнээс дахин дадлага сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулдаг юм. Энэ сарын сүүлийн 3-р 10 хоногийн сүүлчээр Улсын ОБЕГ-аас удирдах бүрэлдэхүүн ирж улсын хэмжээнд дадлага сургалт эхэлнэ” хэмээн ярилаа. Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалтыг хоёр жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна гэж гамшгаас хамгаалах тухай хуулинд заасан байдаг юм байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news