ДУНДГОВЬ: Дэлгэрхангай уулыг ирэх сарын 4-нд тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-22 17:38:45
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 9 гайхамшгийн нэг Дэлгэрхангай уулын тахилга, наадмыг 6 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2006 онд Дэлгэрхангай уулыг Дундговь аймгийн тахилгат уул болгосон бөгөөд жил бүрийн зуны эхэн сард тахидаг уламжлалтай.


Дэлгэрхангай уул төв Халхын есөн их хан уулын гол дунд оршдог бөгөөд их эртний төрийн тахилгатай уул юм. 300-гаад жилийн тэртээ тус уулыг Инэл хан хэмээн нэрийддэг байсан бөгөөд  Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онох Үйзэн ноёны хүү Автай сайн хаан Далай ламаас  Очирбат түшээт хан цол хүртэхдээ өөрийн хошууны гол сүлдэт тахилга уул Инэл ханд “Уулсын хаан” буюу Дэлгэрхаан хэмээх нэр зарлигаар олгож, түүнээс хойш төрийн их тахилгатай болгон Дэлгэрхангай хэмээн нэрийдэх болсон түүхтэй.


Өрнөөс дорно зүгт сунаж тогтсон энэ уул Тахилгын өндөр, Зараагийн өндөр, Хөх өндөр, Гурван өндөр гэсэн залгаа дөрвөн хэсгээс бүрдэж, 70 гаруй км үргэлжилдэг. Оргил нь далайн түвшнээс дээш 1926 метрт өргөгдсөн, цэлмэг өдөр уулын оройгоос урагшаа говь Гурвансайхан, хойшоо Богд хан уулын орой харагддаг гэдэг.


Дэлгэрхангай уулын оройд хэвтэш маягийн тэгш талбай бий. Үүнийг Алтан тэвш гэх бөгөөд энд нутгийн иргэд уулын тахилгад зориулсан бэсрэг наадмаа хийдэг уламжлалтай. Энэ нь ч өөрийн гэсэн өвөрмөц төрхийг агуулдаг билээ.

Related news