Гурван өдөр дараалан барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан тавдугаар сарын хуваарийн дагуу өнөөдрөөс эхлэн гурван өдөр дараалан барилдаан болно.
Тодруулбал, Монгол Улсад нисэх хүчний салбарын түүхт 100 жилийн ойд зориулсан дархан аварга цолны хүндэтгэлийн улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдааныг өнөөдөр зохион байгуулах аж. 13:00 цагт эхлэх энэхүү барилдаанд арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон тэргүүтэй улсын цолтой 35 бөх зодоглохоор бүртгүүлсэн бөгөөд сумын цолтнууд багтсангүй. Улсын арслан дөрөв, заан тав, харцага 10, начин цолтой 26 бөх дархан аваргуудын хүндэтгэлийн барилдаанд их бяр, ид хаваа гайхуулж, уран мэхийг уралдуулах нь ээ.
Тэгвэл маргааш Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер А.Норовын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.
Харин ням гарагт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан бөх сонирхогчдыг хүлээж байна.
Ташрамд сонирхуулахад,
Монголын үндэсний бөхийн холбооноос маргааш хэвлэл, мэдээллийн байгууллага,
сэтгүүлчид болон иргэд, байгууллагын төлөөллүүдтэй нээлттэй уулзалт хийх аж. Уулзалтад МҮБХ-ны тэргүүн болон Удирдах зөвлөл, Хяналт болон Ёс зүй сахилга
хариуцлагын зөвлөл, Дүрмийн зөвлөлийн гишүүд оролцох бөгөөд холбооноос явуулж
буй үйл ажиллагаа, дүрэм журам, цаг үеийн бусад асуудлаар хэлэлцэх юм.