ОРХОН: “Цэрэг спортын дөл цогцолбор” тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах яамнаас “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас төлөвлөгөөт үйл ажиллагааг явуулсаар байна.
Энэ ажлын хүрээнд 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин Гончигийн Дугаржавт Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойн өдрөөр хүндэтгэл илэрхийлсэн бөгөөд төрийн хүчний байгууллагууд дунд спортын тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ. Харин өнгөрөгч амралтын өдөр Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Цэрэг спортын дөл цогцолбор” тэмцээнийг зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын нэрэмжит уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд ерөнхий боловсролын 8 сургуулийн 9 багийн 120 гаруй ахлах ангийн сурагч оролцлоо.
Мөн энэ үеэр сурагчид зэвсэг техниктэй танилцаж, Зэвсэгт хүчний офицер, ахлагч, хугацаат цэргийн албаны тухай болон Үндэсний Батлан Хамгаалах Их сургуульд хэрхэн элсэн суралцах, батлан хамгаалах багц хууль, тогтоомжийн талаар мэдээлэлтэй боллоо.