Монгол Улс болон ОУАЭА-ийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсад энэ сарын 25-27-нд ажлын айлчлал хийж буй Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Баталгааны газрын захирал Массимо Апаро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улс болон ОУАЭА-ийн хамтын ажиллагааны
өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцож, олон улсын энх
тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн манай улсын оролцоо, үүргийн
талаар ярилцлаа. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын
ОУАЭА-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны цаашдын чиглэл, ялангуяа техникийн
туслалцаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, шилдэг
туршлагыг нутагшуулах асуудлаар байр сууриа илэрхийлэв.
ОУАЭА-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Баталгааны газрын захирал Массимо Апаро Монгол Улс ОУАЭА-тай хамтран ажиллах өндөр идэвх, харилцан итгэлцлийг хадгалж буйд талархал илэрхийлж, талуудын хамтын ажиллагаа нь бүс нутгийн болон олон улсын энх тайван, аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэн, энэ чиглэлд цаашид илүү үр дүнтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.