ХӨВСГӨЛ: Онцгой төгөлд мод тарьж өргөжүүлсээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Онцгой төгөл” бий болгохоор зорин ажиллаж байна.
"Онцгой төгөл” ногоон байгууламжид Онцгой байдлын газраас гавьяаны амралтад гарсан ахмадууд 40 орчим хайлаас тарилаа.
Хайлаас нь гол иштэй титэм саглагар шүхэр хэлбэртэй мод. Манай орны байгаль цаг уурт зохицон ургаж чадах тэсвэртэй, эрс тэс хуурай газар ургах чадвар сайтай, чимэглэлд тохиромжтой бут хэлбэрийн ургамал юм.
Хайлаас нь хуурайдуу, хур тунадас бага орсон ч ургах чадвартай учраас сонгон тарьсан байна.
Цаашид ногоон төгөл болгох зорилтын хүрээнд тарьж ургуулах мод, бутны газрыг ухаж бэлтгэж тарьсан модны арчилгаа, усалгааг тогтмол хийж байна.
"Онцгой төгөл"-ийн талбайд анхны модыг
Хөвсгөл аймагт ажиллаж байгаа УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч
генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвдорж, аймгийн Засаг
дарга Л.Төмөрбаатар нар 4 дүгээр сард тарьсан билээ.