Орос-Украины хоёр дахь үе шатны хэлэлцээ Истанбулд болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 29 /Kazinform/. Оросын тал бүх асуудлаар өөрийн байр суурийг тусгасан санамж бичгийг бэлэн болгосон бөгөөд уг баримт бичгийг зургаадугаар сарын 2-нд Истанбул хотноо Украины талд хүлээлгэн өгнө гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.
Оросын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгчийн туслах В.Мединскийгээр ахлуулсан төлөөлөгчид Истанбулд эхлүүлсэн шууд яриа хэлэлцээний хоёр дахь шатны үеэр ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 2-нд уг санамж бичгийг Украины төлөөлөгчдөд танилцуулж, шаардлагатай тайлбар, мэдээллийг өгөхөд бэлэн байна.
Өмнө нь АНУ, Саудын Араб, Турк улсуудын дэмжлэгтэйгээр Орос-Украины шууд яриа хэлэлцээг сэргээх нөхцөлийг бүрдүүлснээр яриа хэлэлцээний эхний үе шат тавдугаар сарын 16-нд Истанбулд болсныг С.Лавров дурджээ.
Истанбулын тохиролцооны дагуу хоёр тал “1000 хүнийг 1000 хүнээр” гэсэн зарчмаар олзлогсдыг солилцсон билээ. Уг уулзалтын үеэр хоёр тал мөргөлдөөнийг зохицуулахын тулд өөрсдийн байр суурийг тусгасан баримт бичгүүдийг бэлтгэхээр тохиролцсон байна.
Санамж бичгүүдийг солилцох өдөр, газрын талаарх саналаа Украины Батлан хамгаалахын сайд Р.Умеровт лхагва гарагт танилцуулсан гэдгээ Оросын Ерөнхийлөгчийн туслах В.Мединский мэдэгджээ. Мөн гал зогсоох багц хэлэлцээрийн заалт нэг бүрийг нарийвчлан хэлэлцэхэд бэлэн байгаа гэдгийг онцолсон байна. Түүнчлэн Украины талын хариуг хүлээж байгаа бөгөөд товлосон өдрөө биечлэн уулзаж, хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Украины талтай санамж бичгийн төсөл солилцоход зуучлах асуудлыг бусад улстай хэлэлцэн тохиролцоогүй гэж Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн байна.
Харин Украины Батлан хамгаалахын сайд Р.Умеров мөргөлдөөнийг зохицуулах тухай тус улсын байр суурийг тусгасан санамж бичгийн төслийг Оросын талд хүлээлгэн өгсөн тухайгаа нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлжээ. Украины тал урьдчилан болзол тавихгүйгээр гал зогсоох, дипломат үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхэд бэлэн байна гэдгийг тэрбээр илэрхийлсэн байна.