БУЛГАН: Төслийн хүрээнд Гурванбулаг суманд 100.000 мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Гурванбулаг суманд 5 жилийн хугацаатай БНСУ-ын хөрөнгө оруулалттай хэрэгжиж буй "Ногоон Ази" төслийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир танилцлаа.
Төслийн хүрээнд Гурванбулаг суманд 100.000 мод тарих юм.
Мөн энэ төсөл амжилттай хэрэгжвэл хөрөнгө оруулалтын бүх техник хэрэгслийг суманд хүлээлгэж өгч, одоо ажиллаж буй иргэдийг хоршооны зохион байгуулалтад оруулж энэ талбайд ажиллуулах юм.
Төслийн багийнхан өнгөрсөн жил нийт 100 га талбайг хашаажуулж намрын тарилтаар 10000 хайлаас, 5000 чацаргана нийт 15000 мод тарьжээ.
Булган аймгийн Гурванбулаг сум нь говь, хангай хосолсон 268605 га газар нутагтай. Хөдөө аж ахуйн газар 229107 га, усан сан бүхий газар 32 га, тусгай хэрэгцээт газар 37190 га, суурин газар 1667 га бол ойн сан бүхий газар 6 га ажээ. Жилд 150-300 мм хур тунадас унадаг ойн бүсийг хөгжүүлэх шаардлага бүхий сум юм.