УВС: “Хүүхэд-Хайр-Ирээдүй” уриан дор эх, үрсийн баярыг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-06-02 10:32:28

Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой болон хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд “Хүүхэд-Хайр-Ирээдүй” уриан дор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ.

Увс аймаг 85.2 мянган хүн амтай, үүнээс 33.3 мянга буюу 39.1 хувь нь 17 хүртэлх насны хүүхдүүд байна. Эдний 51.7 хувь нь эрэгтэй, 48.3 хувь нь эмэгтэй юм.

2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд 27 мянган хүүхэд суралцаж байна. Өнгөрсөн онд Увс аймагт 1888 хүүхэд төржээ.


Наадмын талбай засвартай байгаа тул энэ жилийн эх, үрсийн баярыг Маршал Ю.Цэдэнбалын талбай болон Монгол Улсын баатар Б.Гивааны талбайд тэмдэглэсэн юм. Энэ үеэр хүүхэд багачуудын урлагийн тоглолт, бүжгийн тэмцээн, спортын уралдаан тэмцээнүүд олноор зохион байгууллаа. Төв замын хөдөлгөөнийг хааж, хоёр талбайн дундах зайг шаар, шүхрээр чимэглэн, нэгэн ижил өнгийн асарт худалдаа, үйлчилгээнүүдийг эгнүүлж гаргасан нь энэ жилийн эх, үрсийн баярын онцлог үйл явдал байлаа. 


Related news