Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-06-02 17:04:51

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-тай хамтран “Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах форумыг долоодугаар сарын 7-8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

 

Энэхүү форум нь Чикагогийн конвенцын 9 дүгээр хавсралт батлагдсаны 75 жилийн ой болон Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.  Монгол Улс нь бүс нутгийн 39 гишүүн орны төлөөлөгчийг Улаанбаатар хотноо хүлээн авч, агаарын тээврийн хялбаршуулалтын үндэсний хөтөлбөр, хороодыг бэхжүүлэх, хил, гаалийн хяналт болон бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Нийтийн түлхүүрийн сан (PKD)-ийн хэрэгжилт, зорчигчийн мэдээллийн систем (API, PNR), НҮБ-ын CT TRAVEL хөтөлбөр, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, хил нэвтрэх шинэ технологийг нэвтрүүлэх, аюулгүй, үр ашигтай, уялдаа холбоотой агаарын тээврийн тогтолцоог дэмжих чухал талбарыг бүрдүүлэхээр зорьж байна.

 

FALF 2025 нь гишүүн орнуудын холбогдох байгууллагууд, олон улсын мэргэжилтнүүдийн дунд мэдээлэл, туршлага солилцох, тулгамдаж буй сорилт, шийдлийн талаар хамтран хэлэлцэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал боломжийг бүрдүүлэх юм. Тус форумын бүртгэл зургаадугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

 

 

Related news