ХӨВСГӨЛ: Хүрэн баавгай Эрхэл нуурын хажууд явж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-03 13:14:42

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэл нуур орчимд өчигдөр хүрэн баавгай явж байсан нь иргэдтэй таарчээ.


Аймгийн Байгаль орчны газраас баавгай хаашаа явсан талаар тандалт, судалгаа хийж буй талаар мэдээллээ.


Хөвсгөл аймагт ой, тайга их учраас хүрэн баавгай тус аймгийн Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг 10 сумын нутагт тархан амьдардаг гэсэн судалгаа гарчээ. 

 

Сүүлийн үед хүрэн баавгай уулаас бууж ирэх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг малдаа, алдуул мал хайхаар ууланд явахдаа анхаарал болгоомжтой байхыг аймгийн Байгаль орчны газраас сэрэмжлүүлж байна.


Хөвсгөл аймаг нэн ховор, ховор амьтны тархац нутгийг тогтоох, амьдрах орчинд үнэлгээ өгөх ажлыг жил бүр байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас төсөв батлуулан хийж байна.


2017 онд Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан сумын нэн ховор, ховор амьтны судалгааг "Аргаль агнуур судлалын төв" төрийн бус байгууллагаар хийлгэхэд тус сумдын 1248,2 хавтгай дөрвөлжин км талбайд 600 орчим хүрэн баавгай байна гэж тогтоосон байна.

 

Related news