Д.Насанжаргал: Импортыг бууруулах чиглэлээр жимс жимсгэний тариаланг дэмжих хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-07 10:10:40

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалт  Төрийн ордонд болж байна.


Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих талбар  болох юм. Мөн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй нийтлэг сорилт бэрхшээл, тулгамдсан асуудлууд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 13 дугаар зорилтын амлалтад хүрэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулж, газрын доройтол, цөлжилт, ойн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм.


Энэ үеэр Монголын жимс, жимсгэний үндэсний хорооны тэргүүн Д.Насанжаргалаас дараах асуултад хариулт авав.

-“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалтын ач холбогдлыг хэрхэн үзэж байна вэ?

-Бид нэг эх дэлхийн улс. Уур амьсгалын өөрчлөлт маш хүчтэй явж байгаа энэ цаг үед монгол орон төдийгүй бусад орны төлөөлөл оролцож уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн яаж даван туулах болон хамтарч ажиллах талаар мэдээлэл солилцож байна. Үүний үр дүнд хамтын ажиллагаа өргөжиж Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод" хөдөлгөөнийг өрнүүлэхэд хувь нэмэр оруулах байх гэж бодож байна. Мод тарихдаа 30 хүртэлх хувьд нь жимс жимсгэнэ тарихыг уриалж байгаа. Монгол Улсын жимсний хэрэглээ импортоос хамааралтай байна. 2024 онд 46 мянган тонн жимс импортоор ирсэн байна. Үүний 60 гаруй хувь нь алим, бусад нь дулаан шаарддаг жимс байна. Бид  ажлын байрыг бий болгож, орлоготой болж, байгалиа хамгаалдаг төрөл бүрийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах боломжтой. Импортыг бууруулах чиглэлээр жимс жимсгэний тариаланг дэмжих, "Тэрбум мод" аяны хүрээнд эрчимжүүлэх хэрэгтэй байна. Жишээлбэл, өрхийн тариаланг хөгжүүлэх хэрэгтэй. БОУАӨЯ-наас  өрх бүрд таван мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж байгаа билээ. Үүнд жимсний мод тариулах хэрэгтэй. Монголд 400 мянга гаруй ахмад хашаандаа мод тарьж, усалж,  гараар тарьсан жимсээ дэлгүүрээс авахгүйгээс гадна орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Жимс эмзэг таримал учраас сортын асуудал тулгардаг. Орос, Канад, Төв Азийн орнуудаас шилмэл сортыг авчирч үржүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Монгол орон даяар үргэлжилж байгаа “Атрын IV” аяны хүрээнд импорт орлох жимс, алимын үржүүлгийг байгаль цаг уурын таван бүсэд үржүүлгийн газар байгуулж шалгарсан сортуудаас үржүүлэг хийж суулгацаа дотоодоосоо хангахгүй бол гаднаас байнга зөөнө гэж байхгүй. Энэхүү хэлэлцүүлгийн явцад гадна, дотны орнууд энэ талд анхаарч Тэрбуман мод хөдөлгөөний ажлын албаныхан Төв аймгийн Жаргалант суманд байсан алимын аж ахуйг сэргээхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.


“Тэрбуман мод"  хөдөлгөөн хэрхэн өрнөж байна вэ?

-Эрчтэй далайцтай явж байна. Гэхдээ учир дутагдалтай юм бий. Дотооддоо үржүүлсэн жижиг дунд аж ахуйн нэгж,  иргэдийн үржүүлсэн суулгац борлуулалт тааруухан байна. Томоохон тариаланд гаднаас суулгац авчирч байна. Энэ тал дээр анхаарч жижиг дунд тариаланчид буюу өрхийн тариаланчдыг дэмжих бодлогын дэмжлэг үзүүлж, үзүүлсэн дэмжлэгтээ суулгацаа авч өрхийн тариаланд зарцуулах урамшуулал, хөшүүргийн асуудал зайлшгүй хэрэгтэй. Эрх зүйн орчныг анхаарах хэрэгтэй. Үүнд ойн тухай хууль, тариалангийн тухай хууль, жимс, жимсгэнэ агро аж ахуй, тариалангийн талбайн ойн зурвас зэргийг тусгаж зохицуулан үнэлгээг тодруулж өгвөл зүйтэй.

Related news