БУЛГАН: Уул уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-10 11:06:05

Булган, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулжээ.

 

2025 онд Булган аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх компанийн төлөөлөгчдийг Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах болон бусад алба хэлтсийн дарга нартай зохион байгуулсан уулзалтаар уул уурхайн тулгамдаж буй асуудал, булаг шанд хамгаалах, мод сөөг тарих, хашаажуулах, мал мах, сүүний асуудал, орчны тоосжилт зэрэгт хэрхэн хамтран шийдвэрлэх хөтөлбөр болон хийж хэрэгжүүлэх ажлуудыг ярилцаж, харилцан зөвшилцсөн байна.


Мөн Бүрэгхангай суманд ашигт малтмалын 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Гэрэлт шинэчлэл”, “Монполимет”, “Платинум ланд”, “Эрхэс майниниг”,᠌᠌ "Мөнх Нархан орд", “Өгөөж Баянхангай” ХХК-иуд орон нутгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлдэг юм.


Энэ удаагийн уулзалтаар байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, 27 хүүхдийн сургалтын төлбөр, “Жаргалант” хүүхдийн зуслангийн гадна талбайн тохижилтын зардал болох 113.3 сая төгрөг төвлөрүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.











 

 

Related news