Лос-Анжелес руу тэнгисийн явган цэргийн алба хаагчдыг илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-10 10:09:21

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны зургаадугаар сарын 10 /BBC/. Цагаачдыг баривчлах ажиллагааг эсэргүүцсэн жагсаал болж буй Калифорни муж улсын Лос-Анжелес хот руу Тэнгисийн явган цэргийн 700 алба хаагчийг нэмж илгээхээр шийдвэрлэсэн тухай  АНУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгджээ. 


Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний гвардийн цэргүүдийг байрлуулах шийдвэрээ зөвтгөсөөр байгаа бол Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом түүний засаг захиргааг шүүхэд өгсөн байна. Түүнчлэн Д.Трамп Лос-Анжелес руу Үндэсний гвардийн 2000 цэргийг нэмж илгээх гэж байгаа тухай мэдээлэл Г.Ньюсонд ирснээс үзэхэд нөхцөл байдал цаашид улам даамжирч болзошгүй байна.


АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын албаны /ICE/ ажилтнууд хот даяар цагаачдыг баривчлах ажиллагаа явуулж байгааг эсэргүүцсэн жагсаал цуглаан өнгөрсөн баасан гаргаас Лос-Анжелесын төвд эхэлсэн юм. Д.Трамп өмнө нь Үндэсний гвардийн 2000 цэргийг илгээсэн нь улс төрийн маргаан үүсгэсэн бөгөөд Г.Ньюсон болон хотын дарга Карен Басс нар эсэргүүцлийн жагсаалыг хотын цагдаа нар зохицуулж чадна гэж мэдэгдэж байлаа. АНУ-ын армийн цэргүүд дотоодын хууль сахиулах ажиллагаанд оролцох нь маш ховор тохиолдол юм.

Related news