ЗАВХАН: Нарийн мэргэжлийн эмч нар цэргүүдэд үзлэг оношилгоо хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-12 16:42:08

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Увс аймгийн хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж буй шинэ цэргүүдэд Завхан аймгийн эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.


Тус хилийн цэргийн ангид алба хааж буй шинэ дайчдын цэргийн тангараг өргөх үйл ажиллагаа болсон юм.


Аймгийн Засаг даргын 2025 оны А/206 дугаар захирамжаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа Г.Бавуудоржоор ахлуулсан ажлын баг очиж оролцлоо.
Энэ үеэр хилийн цэргийн 0311 дүгээр ангиас ирүүлсэн хүсэлтийн дагуу Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нар очиж эрүүл мэндийн үзлэг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цэргүүдэд хүргэлээ.


Тус ангид 2025 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн 100 цэрэгт дотор, чих хамар хоолой, мэс засал, гэмтэл, шүдний үзлэг оношилгоог хийсэн байна.


Мөн цэргүүдэд эрүүл мэндийн чиглэлээр сургалт мэдээлэл өгчээ. Шинээр тангараг өргөсөн цэргийн алба хаагч бүрд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас гарын бэлэг гардуулж, албаа нэр төртэй хаахыг хүсэж, ар гэрийнхнийх нь захидлыг гардуулан өгсөн. Цэргийн ангид Завхан аймгаас 80, Улаанбаатар, Орхон аймгаас 20 цэрэг 2025 оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдаж албаа хааж байна хэмээн Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Related news