СЭЛЭНГЭ: Орон нутгийн хурлын 2025 оны нөхөн сонгуультай холбогдуулан цахим уулзалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий
хорооноос Орон нутгийн хурлын 2025 оны нөхөн сонгуультай холбогдуулан цахим
уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Цахим уулзалтад Сэлэнгэ аймгийн
Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа болон нөхөн сонгууль болох 7 сумын хэсгийн
хороодын дарга нар болон холбогдох хүмүүс оролцлоо.
Уулзалтаар хуулийн хэрэгжилтийг
ханган ажиллах талаар зөвлөгөө өглөө.
Тодруулбал маргааш болох өгөгдөл
дамжуулах туршилтын ажиллагааг хэрхэн зохион байгуулах, юуг анхаарах, мөн
ажиглагчийн бүртгэл, сонгууль ажиглах талаар мэдээлэл өглөө.
Мөн зөөврийн битүүмжилсэн саналын
хайрцгаар санал авахдаа анхаарах зүйлсийн талаар тодорхой тайлбар өгөв.
Түүнчлэн хяналтын тооллого, нэмэлт
санал хураалтын ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Цахим хурлыг Мэдээллийн
технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тамир, Хуулийн
газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Наранбат нар мэдээлэл өгч, оролцогчдын
асуултанд хариуллаа.