БУЛГАН: Их цагаан суваргад алтан бурхан залах ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-18 16:33:59

Булган, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Эв нэгдлийн их цагаан суваргад 18 алтан бурхан залах хүндэтгэлийн ёслолыг гурав дахь удаагаа зохион байгууллаа.


Эв нэгдлийн их цагаан суваргад 1024 алтан бурхан залснаар мянган бурхан багшийн чуулган үүсэж авшиг ерөөлөө өгөх ажээ.


Уг ёслолд сүсэгтэн олон өөрсдийн итгэл сүсгээр алтан бурхныг аравнайлуулан Их цагаан суваргад залж, 9 үеэ даатган буян хурааж байгаа юм. Энэ нь сүсэгтэн олны эрүүл мэнд, эд баялаг, эрдэм мэдлэгийг арвижуулан, амьдралын зам мөрийг гэрэлтэй, тэгш сайхан байлгах ерөөлийг дагуулах нигууртай ажээ.


Ёслолд Улаанбаатар хот, Булган, Төв, Баянхонгор, Орхон аймгийн 200 орчим иргэн уригдан оролцож заллага, засал ном, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулсан байна.


1905 онд бүтээж байсан 120 жилийн түүхт Эв нэгдлийн их цагаан суварга нь Булган аймагт дахин сүндэрлэж Азид 5 дугаарт, дэлхийд 6 дугаарт өндрөөрөө эрэмбэлэгдсэн их бүтээн байгуулалт болсон юм.

 

Энэ бол зөвхөн суварга төдийгүй, шашин соёлын төв бөгөөд уран зургийн үзэсгэлэн, үзмэр, багтаасан гадаад, дотоодын аялагчдыг татах аялал жуулчлалын чухал бүтээн байгуулалт юм.


Энэ удаагийн бурхан залах үйл ажиллагааны үеэр дуучин Э.Мөнгөнчимэг уригдан ирж Д.Цэдэвийн шүлэг, Г.Дарамзагдын хөгжим "Хулан хонгор" дуугаараа ая дуу өргөсөн бол Булган нутгийн хүү төр нийгмийн зүтгэлтэн, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийг үүсгэн байгуулагч тэргүүн асан, МУСГЗ, Төрийн шагналт зохиолч яруу найрагч З.Доржийн түүхэн зураг, уран бүтээл болон эд өлгийн зүйлийн үзэсгэлэн, Зохиолч яруу найрагч Б.Цэрэнжамц Н.Мөнхнаран нарын үг Б.Дамбадаржаагийн аялгуу “Их цагаан суварга” дууны  нээлт,  Их цагаан суваргын харьцуулсан зурагт самбарыг төв зам дагуу байрлуулсан зэрэг онцлог ажлууд боллоо.  


Эв нэгдлийн их цагаан суваргын сүлд дууг МУСТА дуучин Т.Ганбаяр дуулж олны хүртээл болгож байна.


Цаашид Монгол Улсын Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суварга” аялгуу, мөн “Их цагаан суварга дуу”-гаар тэмдэглэлт үйл ажиллагааг хүндэтгэн эхлүүлж,  өндөрлүүлж байхаар тогтжээ.


Булган аймгийн Булган сумын 1-р баг Майдар толгойд сүндэрлэн боссон Монголын шашин соёлын хамгийн өндөр Эв нэгдлийн их цагаан суварга цогцолбор нь Гэрлэх ёслолын өргөөҮзэсгэлэнгийн танхим, Түшээт ханы музей, 1024 Бурхан багшийн чуулган, Бурхан багшийн биеийн хэсэг буюу Ринсрэл зэрэг танхимтай.


















Related news