БУЛГАН: "Миний Булганы алтан намар-2025" үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-03 11:44:20

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. "Миний Булганы алтан намар-2025" үзэсгэлэн худалдаанд 13 сум, 1 тосгоны 40 гаруй үйлдвэрлэл эрхлэгч, 10 гаруй аж ахуйн нэгж, 10 гаруй хоршоологчид мах, сүү, цагаан идээ, төмс, хүнсний ногоо худалдан борлуулж, орон нутгийнхаа соёл уламжлал, онцлогийг шингээсэн брэнд бүтээгдэхүүнийг танилцуулан оролцлоо.


Энэ жилийн үзэсгэлэнд сүргийн сайжруулалтад ашиглах шилмэл малын үзэсгэлэн, амьд малын худалдаа, өвлийн идэшний багц зэрэг шинэ нэр төрөл орж ирснээс гадна иргэдийн хэрэгцээ шаардлага хангасан эко харандаан түлш, хатаасан ногоо, бог будаа, хүнсний багцууд борлуулалт сайтай байлаа.


Үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэд, аж ахуйн нэгж, хоршоодоос шилдэг 9 номинацын эздийг шалгаруулан шагнаж урамшуулсан байна. Үүнд Б.Хүдэрийн буриад талх, Ц.Оюунцэцэгийн хамтаасан хүнсний ногоо,  амтлагч, Б.Энхзулын "Түшээ гүн" брэндийн уран нарийн хийцтэй эко бэлгийн багц, "Бодь арвин" хоршооны модны цэвэр үртсийг давирхайгаар бэхжүүлсэн эко харандаан түлш, арьс нэхий боловсруулан бүтээгдэхүүн урладаг "Үндэсний нэхээр" ХХК, С.Мөнхдэмбэрэлийн ган сийлбэртэй хэт хутга, хэт бэл зэрэг нь нутаг орны онцлог, өв соёлыг илтгэсэн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр шалгарчээ.  


Мөн аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "Үйлдвэрлэлийн сэргэлт" хөтөлбөрийн "Булганд үйлдвэрлэв-Нэг сум-нэг брэнд" зорилтын хүрээнд 16 сум, 1 тосгоны иргэдийн бахархал болсон газар нутгийн онцлог, түүхий эдийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэж байгаа онцлог нэрийн бүтээгдэхүүнийг тодруулж, батламж гардууллаа.


Баян-Агт сумын цэвэр таргаар нэрдэг шимийн архи, эко бүтээгдэхүүнээр Баяннуур сумын чаацарганы тос, Орхон сумын эрүүл мэндийн цай, Булган сумын сүү, сүүн бүтээгдэхүүн, Могод сумын айраг, Гурванбулаг сумын хонины мах, Сэлэнгэ сумын бог будаа, Хангал сумын өндөг, Хутаг-Өндөр сумын халтар арвайн гурил, Хялганат тосгоны зөгийн бал, Тэшиг сумын цөцгийн тос, зөөхий, чипсэн ааруул, Бугат сумын гэрийн мод, Хишиг-Өндөр сумын хүүхдийн баривчны багц зэрэг нь тухайн сумдын брэнд бүтээгдэхүүн болсон байна.















Related news