ЗАВХАН: Ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-20 17:23:41

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай анх удаа нийгмийн хариуцлагын гэрээ байгуулав.


Тус аймаг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигч компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ өмнө нь байгуулж байгаагүй.


Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Шувуун хар уул" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Золбаяртай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх” гэрээ байгууллаа.


Аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд байгуулж буй уг гэрээнд үндсэн 4 зүйлийг тусгасан байна. 


Тухайлбал, "Шувуун хар уул" ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй Завханмандал сумын иргэдийн саналаар сумд хийх хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ажлуудыг гэрээгээр гүйцэтгэх. Улиастай сумын Жинст баг, Богд Чигэстэй голын ай савд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах, бүрэн тохижилт хийх. 2024 онд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг гүйцэтгэх 15 га газрыг чөлөөлж орон нутгийн хэрэгцээнд авсан байна. 


"Шувуун хар уул" ХХК тээвэр логистик, хүнс, бараа ажил үйлчилгээ авах, ажиллах хүч сонгохдоо Завхан аймгийн аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулах. Туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг Завхан аймгийн бүртгэлтэй болгох гэсэн чиглэлүүдийг тус тус гэрээнд тусгасан байна.


Гэрээ байгуулах үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр цаашид аймагт ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх компанитай нийгмийн хариуцлагын гэрээг албан ёсоор байгуулна гэдгээ илэрхийлэв. Мөн гэрээнд тусгах заалтуудыг иргэдийн саналд тулгуурлаж, орон нутгийн иргэд болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар заавал хэлэлцүүлж ажиллана гэлээ хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компанитай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах үеэр 

Related news