ӨВӨРХАНГАЙ: Одоогоор нэг сурагч нийгэм судлалын хичээлээр 800 оноо аваад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-21 17:42:44

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилийн элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-наас улс орон даяар эхэлж, өнөөдөр сүүлийн шалгалтаа өгч байна.


Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ жил 1292 сурагч ахлах ангиа төгссөн бөгөөд өмнөх оны 31 төгсөгчийн хамтаар 1323 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тэднээс Монголын түүхийн хичээлээр 30, англи хэлээр 704, химийн хичээлээр 216, газарзүйгээр 22, нийгэм судлалаар 801, биологиор 209, математикаар 923, физикээр 321, орос хэлээр 6, монгол хэлээр 466 хүүхэд шалгалт өгч байна.



“Элсэлтийн шалгалт зохион байгуулах хугацаанд зөрчил дутагдал, гомдол гараагүй. БҮТ-өөс болон аймгийн Боловсролын газраас томилсон 100 гаруй багш, хянагч ажиллаж байна” хэмээн аймгийн Боловсролын газрын Сургалт, аргазүйн хэлтсийн дарга Э.Батаа хэллээ.


Одоогоор Уянга сумын Жаргалант багийн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч О.Баяржаргал нийгэм судлалын хичээлээр 800 оноо авсан байна. Мөн урьдчилсан дүнгээр Өвөрхангай аймаг химийн хичээлээр улсад тэргүүлж явна. 

Related news