БАЯН-ӨЛГИЙ: Казахуудын өвлийн идэш бэлдэх арга, ёс заншил

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-06-23 18:31:21

Өлгий, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баян-Өлгийд амьдарч байгаа казах иргэд өвөл багагүй тооны бод болон бог мал нядалж, өвлийн идшээ ирэх зун хүртэл хүрэх хэмжээнд бэлддэг.


Энэ нь казахууд өөрийн хэрэглээнээс гадна зочломтгой чанарыг мөн агуулж байдаг бөгөөд гэрт нь хэн ч зочилж ирсэн таатай хүлээн авч, хүндэтгэн дайлах ёстой зан уламжлалаас үүдэлтэй бөгөөд идшээ бэлдэхдээ зочинд зориулж тарган сайхан мал гаргаж, махаа хадгалдаг. Зочноос гадна түүний уналга морийг ч өлсгөхгүй өвс тэжээл өгөөд усалж, зочноо баярлуулан үдвэл тэр айлд бурхан тэнгэр аз жаргал, буян хишгээ харамгүй хайрладаг хэмээх ислам шашны зарчимтай мөн холбоотой.


Идэшний махыг хадгалахад тог цахилгаангүй, хөргөгч, хөлдөөгчгүй үед бүгдийн арса гэж нэрийддэг төмрөөр эсвэл модоор хийсэн өлгүүр, хэц уяанд давслан өлгөж хатаадаг байсан бол энэ аргыг өдийд хөдөөгийн айлууд голдуу хэрэглэж байна.


Өнөө үед ойролцоогоор нэг айл 2 бод, 10 бог мал идшиндээ нядалж бэлддэг бол аймаг, сум суурин газрын айлууд 2 бог малын махыг борцлон хадгалж, өөрсдөө хүссэн үедээ иднэ. Мөн Казахстанд амьдардаг хамаатан саднууд зочилж ирэхдээ борцолсон мах их саналаа хэмээдэг болохоор тэдэнд чанаж өгөх маягаар хэрэглэж байна. Борцолсноос шинэ шүүстэй мах хэрэглэхийг хүмүүс илүүд үздэг болж байгаа аж. Мөн олон хүний идэх дуртай каз хэмээх идээг адууны хавиргаар хийдэг бөгөөд ингэхдээ нэг адуунаас 12 каз гарна. Хавиргыг тусад нь хоёр хоёроор нь зүсээд, давслаад, адууны өлөн гэдсэнд дүрээд дулаан байранд давс нь цагаарч гартал байлгаж хатаагаад хүйтэн байшин, амбаартаа хадгалж идэшний махтайгаа хамтад нь хэрэглэнэ.


Идшээ мөн ёс төртэйгээр настангуудаар ерөөл айлдуулан нядалж маш цэвэрхэн бэлдээд өөрсдөө амсахаасаа өмнө нохой, шувуунд амсуулахгүй бөгөөд идшээ бэлтгэж дууссаныхаа дараа хамаатан садан, хөршүүдээ урьж бага хэмжээний идэшний найр хийж, ойрын хүмүүстээ түрүүлж амсуулдаг заншилтай.








Related news