Д.Трамп Украины Ерөнхийлөгчтэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-26 11:21:48

ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзжээ. Тэд өмнө нь Канадад болсон "Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж байсан боловч уг уулзалтыг дуусгалгүй явсан билээ. Д.Трамп, В.Зеленский нар Цагаан ордонд маргалдсаныхаа дараа  хамгийн сүүлд Пап Францисыг оршуулах ёслолын үеэр уулзсан юм. 


Хааг хотод болсон тэдний уулзалт 50 орчим минут үргэлжилжээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын эх сурвалж AFP агентлагт мэдээлснээр, В.Зеленский уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун үлдсэн байна. “Бид үнэхээр чухал асуудлуудыг хэлэлцлээ” хэмээн тэрбээр Telegram хуудсандаа бичээд, Д.Трамп болон АНУ-д талархал илэрхийлсэн байна.


Тэрбээр хэрхэн гал зогсоож, энх тайвныг тогтоох, мөн украинчуудыг хэрхэн хамгаалах талаар Д.Трамптай ярилцсан гэдгээ дурдаад уулзалтын талаар дараа нь дэлгэрэнгүй мэдээлнэ гэж бичжээ. 


Үүнээс хэдэн цагийн дараа тэрбээр мэдэгдэхдээ, Д.Трамптай уулзах үеэр “манай хотууд, иргэд, сүм хийдүүд болон дэд бүтцийг хамгаалахад зориулан Америкийн агаарын довтолгооноос хамгаалах цогцолборыг худалдан авах тухай” ярилцсан гээд Украины тал уг цогцолборыг худалдан авч, АНУ-ын зэвсэг  үйлдвэрлэгчдийг дэмжихэд бэлэн байна гэжээ. "Бид мөн нисгэгчгүй онгоцыг хамтран үйлдвэрлэх талаар ярилцсан" гэж Украины удирдагч нэмж хэллээ. 


Харин Д.Трамп Украины Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтынхаа талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бид гал зогсоох асуудлыг хэлэлцээгүй. Би түүний ямархуу байгааг мэдэхийг хүссэн” гэж хэлжээ.


Тэрбээр Украины Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтыг сайн болсон гэж тодорхойлоод, удахгүй В.Путинтэй ярихаар төлөвлөж байгаагаа хэлсэн боловч яг хэзээ гэдгийг тодорхой дурдсангүй.




Related news