ӨВӨРХАНГАЙ: “Хайрлагдсан хүүхэд” төслийг хэрэгжүүлэхээр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-26 15:21:33

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар “Хайрлагдсан хүүхэд” төслийг хэлэлцэн баталлаа.


Статистик тоогоор Өвөрхангай аймаг нийт 115258 хүн амтай, үүний 43332 нь буюу 37.5 хувь нь хүүхэд юм. Сүүлийн жилүүдэд хүүхдийн дунд өвчлөл, дарамт хүчирхийлэл, осол гэмтэл нэмэгдэж байгаа нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл болж байгааг НБХ-ийн дарга Б.Сайнжаргал хэлэв.



Тухайлбал, 2024 онд  574 хүн нас барснаас тав хүртэлх насандаа эндсэн хүүхэд 28 байна. 2020-2024 онд гэр бүлийн болон бусад хүчирхийлэл дарамтад өртсөн 203 хүүхэд Түр хамгаалах байранд байрлаж, хамгааллын үйлчилгээ авчээ.


2024 онд хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг 16 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 7 нэгжээр буюу 30.4 хувиар буурсан бол хүүхэд хохирсон гэмт хэрэг 50 бүртгэгдэж, 7 нэгжээр буюу 16.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр тоон мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид санал хэлж, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд байгууллага дундын уялдаа холбоог сайжруулах болон бусад асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ. 

Related news