ӨВӨРХАНГАЙ: Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн анхдугаар тэмцээн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас харьяа нэгтгэл, ангийн алба хаагчдынхаа дунд спортын аварга шалгаруулах тэмцээнийг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид анх удаа зохион байгуулж байна.
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар анги, Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар анги зэрэг нийт есөн нэгтгэл, ангиас 200 гаруй тамирчин ирж, сагсан бөмбөг, волейболын тэмцээнээр өрсөлдөж байгаа юм.
Энэ сарын 24-нд эхэлсэн тэмцээний нээлтэд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа А.Нямхүү, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч, хурандаа М.Дэлгэрсайхан, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Энхболд, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч хурандаа Н.Гүрбадам нар оролцов.
Мөн Зэвсэгт хүчний шилдэг тамирчид болох цэрэгжлийн спортын мастер хошууч Б.Ариунболд, саяхан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гардан тулааны төрөлд хүрэл медаль хүртсэн дэд ахлагч Э.Отгонжаргал нар галт бамбарыг аялуулж, нээлтийн үйл ажиллагааг чимлээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний 60 гаруй хувийг хуурай замын цэргийн анги эзэлдэг байна. Хошууч генерал Ч.Цогтжаргал баг тамирчдад баяр хүргээд “Нэгтгэл, ангиудын алба хаагчдын нийлэмжтэй нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, спортоор хичээллэх дадлыг нь нэмэгдүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг нь сайжруулахад уг тэмцээн нь чухал үүрэгтэй” хэмээн онцолж, уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийллээ. Тэмцээн энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.