ӨВӨРХАНГАЙ: Адууны баяраар 10 гаруй төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-25 10:46:57

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан “Арвагар хээр” адууны баярыг аймгийн ЗДТГ, Арвайхээр сумын ЗДТГ, Аялал жуулчлалын холбооноос 7 дугаар сарын 18, 19-ний өдөр Арвайхээр суманд зохион байгуулна.


Нүүдэлчин ардын хүлэг унаа, эр хүний хань түшиг болж ирсэн монгол адууны өв соёлыг түүчээлэх, дээдлэх, сурталчлан таниулах, удмын санг хамгаалахад тус үйл ажиллагаа нь чухал ач холбогдолтой юм.


Энэ үеэр Өндөр гэгээн Занабазарын дэглэсэн Гүүний үр сүү гаргах ёслол, “Арвагар хээрийн хатираа” морьтон парад, “Эзэн Чингисийн морин өртөө” буухиачилсан тэмцээн, Тэлмэн жороо морины уралдаан зэрэг 10 гаруй төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна.


Мөн адууны эдэлгээ уналга, гоёл чимэглэл, зураг дүрслэл, домог яриа, дуу шүлэг зэргийг уралдаан, тэмцээн бүрээр илэрхийлэхийг зорих ба “Арвагар хээрийн төвөргөөн” шоу цэнгээн болно. Үргэлжлээд Өндөр гэгээний 390 жилийн ойн даншиг наадам, Хангайн бүсийн их хурд зэрэг олон томоохон баяр наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. 

Related news