Адуу болон халал аргаар бэлтгэсэн хонины хоёр мянган тонн мах худалдахаар тохиролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-26 17:21:32

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Узбекистан улс манай улсаас эхний ээлжид хоёр мянган тонн адуу болон халал аргаар бэлтгэсэн хонины мах худалдаж авахаар тохиролцлоо.


Хоёр тал халал аргаар бэлтгэсэн махны үйлдвэрлэл дээр хамтран ажиллах боломжтойг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ)-аас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев, тус улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд И.А.Касымов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр тэмдэглэв.


Уулзалтаар хоёр улсын Ерөнхийлөгчдийн харилцан айлчлалын хүрээнд иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоогоод буй Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хөдөө аж ахуй, мал аж ахуй, мал эмнэлэг, ургамал хорио цээрийн салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа.



ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нэн тэргүүнд Монгол, Узбекистан хоёр улс богино хугацаанд хамтын ажиллагааны асар өргөн боломж байгаа. Хоёр улсын харилцааг идэвхтэй байлгах суурь нь худалдаа эдийн засгийн харилцаа юм. Харилцан ашигтай, тус тусын эрх ашгийг хамгаалсан эдийн засгийн харилцаа бий болгож, худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэхэд Монгол Улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар бүх чадлаараа дэмжинэ гэдгийг онцлов.


Худалдааны салбарт хоёр тал хорио цээр, тарифын нэгдсэн бодлогоо тохиролцож, худалдааг харилцан саадгүй байлгах бүх арга хэмжээ авах, шаардлагатай гэрээ, барааны нэр төрлийн жагсаалтыг батлах хэлэлцээг ойрын хугацаанд эцэслэхээр тохиролцсон байна.


БНУзбУ, Монгол Улсаас 100 мянган толгой амьд хонь, ямаа худалдан авахаар тохиролцсоныг эрчимжүүлж, Монголын талаас экспортын хурамжийн хөнгөлөлт үзүүлэх боломжийг шийдэхээ хэллээ. Узбекистан Улс тээврийн асуудлыг шийдсэн бөгөөд 2024 оны байдлаар тус улсад 7,000 амьд хонь экспортод гаргажээ.


Түүнчлэн, боловсруулах үйлдвэрийн салбарт Монгол Улсаас арьс шир, ноос ноолуур импортлох сонирхлоо илэрхийлсэн бол БНУзбУ-аас жимс ногоо, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт туршлага хуваалцах зэргээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсныг ХХААХҮЯ мэдээллээ. 

Related news