СҮХБААТАР: Ахмад багш М.Бурмаад Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн ахмад багш Мөнх-Очирын Бурмаа улс эх орондоо оруулсан хувь нэмэр, боловсролын салбарт сурган хүмүүжүүлэх үйлсэд олон багш, шавь, удирдах албан тушаалтан бэлтгэж, хойч үеэ халамжлан хүмүүжүүлж байсан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Монгол Улсын Гавьяат багш цолоор шагнууллаа.
Багш М.Бурмаа нь 1967 онд Багш нарыг бэлтгэх сургуульд сурч багшийн мэргэжил эзэмшиж, 1967-1970 онд төгсөн Сүхбаатар аймгийн төвийн 1-р 10 жилд багшаар 17 жил ажиллаж байгаад Боловсролын хэлтэст байцаагчаар 3 жил, Бага сургуулийн захиралаар 6 жил, хичээлийн эрхлэгчээр тус тус ажиллаж, улсад 33 жил үр бүтээлтэй ажилласан байна.
Эдгээр сургууль,
байгууллагад захирал, байцаагч, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа доорх байдлаар ажлын үр дүн, үр бүтээл нь тодорч удаа дараа гавьяа шагналд хүрч байсан байна.
Мөн Боловсролын яамны тэргүүний туршлага дэлгэрүүлэх уралдаанд оролцож нийт багш нарт заавал нэвтрүүлэх 8 туршлагын нэгэнд орж багш М.Бурмаагийн “Тайлбартай дасгалын арга”-ыг нийт Монгол Улсын бүх сургуульд тэргүүн туршлага болгон хэвшүүлсүгэй гэж Боловсролын яамны сайдын тушаал гарч байсан нь энэ хүний нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
Тэрбээр олон шавь, багш нарыг өөрийн болон өрөөлийн туршлага судлуулах, ажил, үйлсийн гараагаа зөв эхлэн сайн багш сурган хүмүүжүүлэгч болоход уйгагүй хөдөлмөрлөж байсны үр дүнгээр Монгол Улсын Гавьяат багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан, заах аргач цолыг 50 гаруй багш хүртсэн байна.
Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жил, Төмөртийн овооны уулын баяжуулах үйлдвэрийн 20 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн болон Засгийн газар, салбарын шагналаар шагнуулсан иргэд, албан хаагчдад аймаг орон нутгийн удирдлагууд шагналыг гардууллаа.
Энэ өдөр Монгол Улсын Гавьяат багш нэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Алтан гадас одонгоор 15, Хөдөлмөрийн хүндэт медалиар зургаа, салбарын тэргүүний ажилтнаар 15, яамны жуух бичгээр таван албан хаагч
шагнуулав.