Евро-2025: Германы эмэгтэй хөлбөмбөгчид хагас шигшээд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЖЕНЕВ, 2025 оны долоодугаар сарын 20 /DW/. Швейцарт болж буй эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний шөвгийн наймд Германы шигшээ багийн хөлбөмбөгчид Францын багийг 6:5 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа.
Тоглолтын 13 дахь минутанд
Германы багийн хамгаалагч Катрин Хендрих торгуулийн талбайд дүрэм зөрчсөний
учир улаан хуудас авч, 11 м-ийн торгуулийн цохилтыг Францын багийн Грейс Гейоро
амжилттай гүйцэтгэсэн байна. Гэвч 10-уулаа болсон герман бүсгүйчүүд 13 минутын дараа
тоог тэнцүүлж, хагас хамгаалагч Шёке Нюскен Францын хаалганд гоол орууллаа. Улмаар
хоёрдугаар үед германчуудад 11 м-ийн торгуулийн цохилт хийх боломж олдсон
боловч Нюскен боломжийг ашиглаж чадсангүй.
Нэмэлт цагт тооны харьцаа
өөрчлөгдөөгүй тул пенальтаар ялагчийг тодруулахаар боллоо. Германы баг илүү
азтай байж 6:5-аар өрсөлдөгчөө хожсон бөгөөд шийдвэрлэх гоолыг Нюскен оруулсан
байна.
Одоо хагас шигшээд герман бүсгүйчүүд 23-ны лхагва гарагт Испанийн шигшээтэй тоглоно.
Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн
Европын аварга шалгаруулах тэмцээн /Евро-2025/ долоодугаар сарын 2-ноос 27-ны
өдрүүдэд Швейцарын Базел, Берн, Женев, Цюрих, Санкт-Галлен, Люцерн, Тун, Сьон
гэсэн 8 хотод болж байна. Евро-2025-ын хагас шигшээ тоглолтууд долоодугаар
сарын 22 ба 23-ны өдрүүдэд, финалын тоглолт 27-ны өдөр Базел хотын "Санкт-Якоб-парк"
цэнгэлдэх хүрээлэнд болно.
Энэ удаагийн ЕАШТ-нд оролцож буй
16 улсын шигшээ
баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглож, хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд
плей-оффын шатанд шалгарсан юм.